Friday, February 11, 2011

Хайрын баяр бусад оронд

Хайр дурлалын баяр гэгээн Валентинй өдрийг дэлхийн улс орнуудад хэрхэн тэмдэглэдгийг сонирхлоо.

Англи
Гэгээн Валентинтай холбоотой шүлгийн дийлэнхийг Английн яруу найрагчид бичсэн байдаг. Тус улсын муж нутаг бүрт энэ өдрийг өөр өөрийн ёс заншлаар тэмдэглэдэг. Гэхдээ бүгд бие биедээ мэндчилгээ дэвшүүлж, цэцэг, бэлэг өгдөг аж. Зарим газар хүүхдүүдээр дуу дуулуулан чихэр жимс, эсвэл мөнгө бэлэглэнэ. Мөн чавга, эсвэл гоньдны үртэй жигнэмэг Валентинд зориулан хийдэг юм байна.

Америк
Америкчууд Валентиний ил захидлыг гараар будсан литограф цаасыг онцгой дизайнтай, сүлжсэн торон цаасаар чимэглэн, дээр нь шүр, далайн хясаа, боргоцой, хөхтөн амьтдын чихмэлтэй хамт үйлдвэрлэдэг байжээ. Далайн замаг, хөвдөөр гоёж, хатсан эсвэл хиймэл цэцгээр чимсэн захидлыг хэн ч харсан хайрынх гэдэг нь тодорхой, Харин өнөө үед энэ баярыг залуус ихэвчлэн найз нөхөдтэйгээ үдэшлэгт явж тэмдэглэдэг болжээ.

Дани
Заавал хайр сэтгэлээр холбогдсон хүндээ гэхгүй сайн найздаа ч бэлэг өгч болно. Цасан ширхэг гэж нэрлэх цагаан цэцэгний хатаамлыг бэлэглэдэг аж. Дани эрчүүд энэ өдөр алдарт тоглоомын захиа болох "гекрбав"-ыг бүсгүйчүүлд илгээдэг. Илгээгч нь нэрээ бичихгүй, сүүл толгой холбосон шүлэг дотроо өөрийнхөө нэрийн үсэг байгаа газруудад цэг тавина. Хэрвээ захиа авсан бүсгүй хэн бичсэнийг гадарлаж байвал Улаан өндөгний баяраар түүнд бэлэг өгдөг аж.

Франц, Австрали, Австри
Энэ өдөр ганц бие хүмүүс нэг дор цугларч баярладаг. Эндээс хосууд төрөх нь олонтаа. Мөн Францад энэ өдөр найз залуу, нөхрөөсөө салсан бүсгүйчүүд цуглан зургийг нь түүдэг галд шатаадаг байжээ. Гэвч энэ ёс заншлыг Засгийн газраас нь хориглосон учраас орчин үед хэрэгжихээ больсон. Валентиний ил захидал урлах чадвараар францчууд Английн дараа ордог.

Итали
Энэ улсын хувьд Валентиний өдөр хавар тэмдэглэдэг ганц баяр. Залуус цэцэрлэгт хүрээлэнд цуглаж, шүлэг уншин, хөгжим сонсдог байна. Гэхдээ энэ уламжлалыг шашныхан эсэргүүцсэнээс болж бүтэн зууны турш зогсоож чаджээ. Италийн Турин хотод хосууд энэ өдөр сүй тавьдаг заншилтай.

Япон
Япончууд Валентиний баярыг хоёр өдөр тэмдэглэдэг. Эхний удаа буюу хоёр дугаар сарын 14-нд эмэгтэйчүүд эрчүүдэд бэлэг өгдөг бол Цагаан өдөр гэж нэрлэдэг гуравдугаар сарын 14-нд эрчүүд хариу барих ёстой. Япон бүсгүйчүүд шоколадыг үнэнч хайрын бэлгэ тэмдэг гэж үздэггүй. Тиймээс тэд өөрсдийн гараар амттан хийж өгөхийг хичээдэг аж.

Солонгос
Энэ өдөр зөвхөн бүсгүйчүүд эрчүүдэд чихэр өгдөг уламжлалтай. Солонгост эрчүүд бүсгүйчүүлд бэлэг өгдөг онцгой өдөр байхгүй боловч гуравдугаар сарын 14-нд япончуудтай адилхан Цагаан өдрийг тэмдэглэдэг. Гэхдээ энэ нь эрчүүд анхны хайр, анхны амрагийнхаа тухай ярьж, нууцаа дэлгэдэг өдөр гэдгээрээ Японоос ялгаатай.

Хятад
Хятадууд Валентиний баярыг тэмдэглэдэг авч эртний Хятадын зурхайн ёсоо даган долдугаар сарын 7-нд бас нэгэн өвөрмөц хайрын баярыг тэмдэглэдэг аж. Эрчүүд амрагтаа сарнай болон бусад цэцгийн баглаа худалдан авдаг. Сарнайн өнгө ба тоо их утга учир агуулна. Нэг сарнай бол хайр, 11 бол сонирхол төдий, 99 сарнайг үүрд мөнхийн бэлгэдэл гэж үздэг. Харин 108 сарнай авсан бүсгүй гэрлэх санал ирж байна гэж ойлгох учиртай аж.

No comments:

Post a Comment